ТОВЧ ТҮҮХ

Сүхбаатар аймгийн Уулбаян сум нь 1640 онд Халхын анхны Богд Өндөр гэгээн Занабазарын “Их шавь” гэх томоохон нэгжид багтсанаас хойш эдүгээ 379 жилийн түүхийн нүүрийг үзсэн ба Монголын анхны хошуу сумын нэг билээ. 1924 онд “Уулбаянмөнх хошуу” нэртэйгээр байгуулагдаж 1925 онд “Баянмөнх уулын хошуу байгуулах тухай” албан ёсны шийдвэр нь /55-р тогтоол/ гарчээ.

1927 онд “Хан хэнтий уулын аймгийн Уулбаянмөнх уулын хошуу” нь татан буугдаж, 1931 оноос Хэнтий аймгийн харьяанд орон, 1942 онд “Жавхлант шарга” аймаг буюу одоогийн Сүхбаатар аймаг байгуулагдсан цагаас эхлэн “Уулбаян сум” хэмээн нэрлэгджээ.  

Тус сум нь далайн түвшнээс дээш 1120 метр-т оршдог. Хэрлэн голын өмнөд Баруун-Уртын нам уулсын тойрогт багтдаг. 494.7 мян.хавтгай дөрвөлжин км нутагтай, хилийн зурвас нь 292 км үргэлжилдэг. Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан, Сүхбаатар сумдтай хиллэж, Улаанбаатар хотоос 500 км, Аймгийн төвөөс 80 км-ийн зайд оршдог.

Газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд хамрагддаг, намхан гүвээ толгодтой. Чулуурхаг, бударгана, хужир, мараа бүхий уулын хүрэн хөрсний хэв шинж тархсан. Бэлчээрийн ургамалд хазаар өвс, хялгана, таана хөмүүл зонхилдог. Нутгийн хөрсөнд поли металл, жонш, төмрийн хүдэр, уран нүүрс зэрэг эрдэс баялагийн илэрцтэй.

Бэлчээрийн талбай 491.8 мян га, суурин газар 1175 га, зам шугам сүлжээ 982 га, усан сан бүхий газар 1054 га, тусгай хэрэгцээний газар 4.1 га тус тус эзэлдэг.  494515 га нутаг дэвсгэртэй. Баян, Жаргалант, Тэгш, Жавхлант, Дэлгэр гэсэн 5 багийн 901 өрх, 2976 хүн ам амьдарч байна